
Энэ бол тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний үнэ цэнийг олон жилийн турш хүсэж байсан монгол хүн бүрийн магнай тэнийж, сэтгэлд нь нар гийсэн түүхэн үйл явдал байв. Өчүүхэн судлаачийн бодлоор энэ үндэсний хувьсгал нь монголчуудын сүүлийн 300 жилд тохиосон хамгийн том түүхэн үйл явдал лавтайяа мөн. Саяхан олимпийн аваргатай болоод монголчууд омогшин олноороо баярласан нь чухамдаа 100 жилийн тэртээ тусгаар тогтнолоо олоод баярлаж байсан үеийг чухам ийм л сэтгэлийн баясал эдэлж байсан болов уу хэмээн санагдуулж байв.
Тэрхүү түүхэн үйл явдлыг санаачлагчдын нэг, оройлон зохион байгуулсан, удирдагч нь VIII Богд Жавзандамба хутагт байлаа.
1911 оны үндэсний хувьсгалын талаарх гадаад, дотоодын олон эрдэмтдийн бүтээлийн ололтонд түшиглэн 2007 оноос эхлэн монголчууд бид жил бүрийн 12 дугаар сарын 29-ны өдрийг үндэсний тусгаар тогтнолын өдөр болгон тэмдэглэж байхаар боллоо. 2008 оны 12 дугаар сарын 29-ны өдөр үндэсний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарав. 2010 оны зун эл ойг тэмдэглэх Монгол Улсын Засгийн газрын хороог Шадар сайд М.Энхболдоор толгойлуулан байгуулав. Оройтсон ч гэсэн яахав. Үндэс угсаагаа, түүх соёл, уламжлалаа бид умартсаар байх аваас монгол үндэстний ирээдүй улам бүдгэрч мэдэхийг бид сэхээрч буй бол сайнсан.
1911 оны үндэсний хувьсгалын урьдчилсан нөхцөл
Монголд өөрийн амьдралын 50 шахам жилийг өнгөрүүлсэн Оросын нэрт дипломатч Яков Шишмарев бүр 1885 онд монголчуудын талаар бичихдээ: “Халхчууд монголын олон овгуудын дотор өөрийгөө тэргүүлэх зэрэгт тавьдаг бөгөөд тэд 1691 онд Манжийн эрхшээлд орсон юм. Хэрэв Монголчуудыг нэгтгэх ямар нэгэн нөхцөл байдал бий болбол Халхчууд түүнийг тэргүүлэх нь гарцаагүй. Үүнд олон учир буй боловч хамгийн гол нь Халхад бүх монголчууд, халимагуудын шүтэн бишрэгч Авид Жавзандамбын хойд дүр хүрэлцэн ирж сууж буй явдал” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Хутагтыг Монголоос бус Түвдээс тодруулж, өөрөөр хэлбэл монгол бус түвд хүн Хутагтаар Монголд суулгаж, түүнд ямар нэгэн эрх мэдэл Манжийн хаанаас олгохгүй байсан хэдий ч Хутагтын нэр хүнд Монголд үнэхээр их агуу байжээ. 1893 оны зун болсон Долоон хошуу даншиг наадамын дараа Монголын ноёд үлдэж, VIII Богд гэгээний хамт хуралдан, Бээжингийн шаардлагаар татвар өсөж буйгаас болж Монголын байдал хүндэрч байгаа талаар ярилцсан байдаг.
Монгол дахь Манжийн эрх баригчид, хятад түшмэлүүд өөрсдийн эрх мэдэлд бүхнийг захируулахыг хүчээр хичээж, ноёдын засаг захиргаа, нөлөө бүхий лам, эрхтэн дархтануудыг өөртөө татахыг оролдож байв. 1895 онд Богд гэгээн өөрийн итгэлт хүн болох Бадамдоржийг, 1900 онд Бадамдорж, Цэрэн Осор хоёрыг тус тус Орос улс руу мөнгө зээлэх нэрийн дор нууцаар илгээж, хэрэв монголчууд үндэсний тэмцэл өрнүүлбэл оросууд тусалж чадах эсэхийг тандан мэдэв.
Богд Жавзандамба хутагт 1909 онд буулгасан нэгэн лүндэндээ: “эдүгээ манай Монголын шашин төрөө бататган, газар нутгаа хамгаалж, өнө удаан амар жаргалтай суухын аргыг бодох цаг болов. Зүгээр сууж энэ тухайг алдан өнгөрүүлбээс эрх жаргалтай суух байтугай, элдэв зовлонг үзэж газар шороогоо ч эзэмшиж чадахгүй болно. Энэ учрыг мэдсээр байж та бүгдэд эс сануулбаас монгол тоотон бүгдээрээ миний найман дүрийг шүтэж тахисны тус үгүй болох тул би мэдсэнээ хэлэхгүй зүгээр сууж төвдөхгүй… Үүнийг танай олон ноён түшмэд арга юуг сайтар бодож тус тусын санаж бодсоноор нэн даруй над илтгэ” хэмээжээ.
1911 оны 7 дугаар сард Хүрээнд болсон ноёдын нууц зөвөлгөөн Богд гэгээний “цаг болов” хэмээн зарлигдсан ёсоор Богд ууланд болж, тус зөвөлгөөнөөс Түр засгийн газрыг нууцаар байгуулж, Орос улсаас тусламж эрэх төлөөлөгчид явуулах, цэрэг, зэвсэг, мөнгө санхүү бэлдэх зэрэг олон ажлуудыг төлөвлөв. Орос явах элчинд чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, түшмэл Хайсан нарыг томилсон бол энэ үеийн бүхий л асуудлыг зохицуулж, үндэсний тэмцэл өрнүүлэхэд Богд гэгээнтэй хамгийн ойр байж, хамтарсан ноён бол Сайн ноён Намнансүрэн, Түшээ гүн Чагдаржав хоёр онцгой үүрэг гүйцэтгэж байв.
1911 оны 10 дугаар сарын 21-нд Хүрээнд ирсэн Добданов В.Котвичид бичсэн захидалдаа Монголын улс төрийн байдлын тухай бичиж, “Халхын амьдралын ирээдүйн бүх шанс ганцхан Богд хааны гарт байна” хэмээжээ.